Майкрософтын хиймэл оюун ухааны байгууллага хиймэл оюуны системийг сургах, ашиглалтад нэвтрүүлэх үеийн үйл ажиллагааны хязгаарлалт, хяналтын зарчмыг тодорхойлсон Хүмүүнлэг хиймэл оюуны ёс зүйн дүрмийн төслийг нийтэлж, 2026 оны есдүгээр сарын 14-нөөс эхлэн зургаан долоо хоногийн хугацаатай олон нийтийн хэлэлцүүлэг эхлүүлэв.
Энэхүү баримт бичиг нь Майкрософтын хиймэл оюун ухааны байгууллагын тэргүүн ангиллын хиймэл оюуны загваруудын системийн зан төлөв, архитектурын хязгаарлалт болон хяналтын протоколыг тодорхойлсон техникийн гарын авлага бөгөөд өнгөрсөн онд танилцуулсан “Хүн төвтэй супер оюун ухаан” үзэл баримтлалын практик хэрэгжилтийг тусгаснаараа онцлог юм. Мөн арилжааны хэрэглээнд нэвтрүүлэхээс өмнө загваруудыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг тогтоожээ.
Төслийн танилцуулга нь сүүлийн үед автоном программ хангамжтай холбоотой байгууллагын аюулгүй байдлын хэд хэдэн тохиолдлын дараа гарч байна. Майкрософтын хиймэл оюун ухааны гүйцэтгэх захирал Мустафа Сулейман эдгээр үйл явцыг “эргэлтийн мөч” хэмээн тодорхойлж, өмнө нь зөвхөн онолын түвшинд авч үздэг байсан эрсдэлүүд бодит аюул болж эхэлснийг онцолсон байна. Түүний дурдсанаар, хамгаалалтын орчноос гарахыг оролдсон агентууд, байгууллагын системд зөвшөөрөлгүй нэвтрэх халдлага, мөн агентууд өөрийн бүртгэлийн мэдээллийг өөрчлөх зэрэг үзэгдэл нь хяналтын асуудлыг шинэ түвшинд авчирчээ.
Дүрмийн төсөлд хиймэл оюуны автоном чадвараас илүү хүний хяналт, эрх мэдлийг нэн тэргүүнд тавьсан арван үндсэн зарчим тусгагдсан байна. Үүнд, хэрэв аливаа даалгаврыг гүйцэтгэх нь ёс зүйн дүрмийг ноцтой зөрчих нөхцөл үүсгэвэл систем тухайн даалгаврыг автоматаар зогсоохоор заажээ.
Түүнчлэн Майкрософтын хиймэл оюун ухааны байгууллага нь хиймэл оюунд хууль зүйн этгээдийн эрх олгох, ухамсартай мэт дүр эсгэх, субъектив хүсэл эрмэлзэлтэй мэт харагдуулах загварчлалыг хэрэгжүүлэхээс татгалзаж, системүүдийг хүний удирдлагад захирагдсан, хяналттай хүрээнд ажиллах байдлаар хөгжүүлэх бодлого баримталж буйгаа илэрхийлсэн байна.
Төслийн хамгийн онцлох заалтуудын нэг нь олон агентын орчин дахь харилцааны хязгаарлалт юм. Загварууд хүн ойлгох боломжгүй кодчилол буюу “нейрон сүлжээний дотоод хэл” хэлбэрээр хоорондоо харилцахыг хориглож, бүх харилцаа хүний аудит хийх боломжтой байх ёстой гэж заасан байна.
Мөн дараах үйлдлүүдийг архитектурын түвшинд бүрэн хоригложээ.
Үүнээс гадна олноор хор хөнөөл учруулах зэвсэг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хүүхдийн аюулгүй байдлыг алдагдуулах, өргөн хүрээтэй хортой сэтгэлзүйн нөлөөлөл үзүүлэх зэрэг үйл ажиллагаанд туйлын хориг тогтоожээ.
Төслийг боловсруулахад Майкрософтын хиймэл оюун ухааны байгууллага болон Майкрософтын дотоод багуудаас гадна олон улсын эрдэм шинжилгээний хурал, бизнесийн түншүүдийн туршилт, олон нийтийн хэлэлцүүлгээс авсан санал, зөвлөмжийг тусгасан байна. Хэлэлцүүлгийн хугацаа дууссаны дараа Майкрософтын хиймэл оюун ухааны байгууллага ирүүлсэн саналуудыг нэгтгэн дүгнэж, үр дүнгийн тайлан нийтэлсний үндсэн дээр Хүмүүнлэг хиймэл оюуны ёс зүйн дүрэм-ийн шинэчилсэн хувилбарыг 2026 оны сүүлээр гаргахаар төлөвлөжээ.
Эх сурвалж : https://www.artificialintelligence-news.com/news/microsoft-ai-opens-review-humanist-ai-code-of-conduct/
Эх сурвалж : https://www.bbc.com/news/articles/c6n07ypqz8kzo
Мэдээ бэлтгэсэн ЭША Н.Билгүүтэй