Үндсэн агуулга руу

Мэдээ

Төрийн дээд одон, медаль болон салбарын шагналаар шагнууллаа

2021.12.03  |  МэдээfX⧉

2021 оны гуравдугаар сарын 22 өдөр Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гарган Чингис хааны төрсөн өдрийг тохиолдуулан жил бүр олгож ирсэн Чингис хаан тэргүүн зэргийн одонгоор Монгол улсын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчааг шагнав. Шагналыг төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхимд Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч эрүүл энх сайн сайханыг хүсэн ерөөв.

Хүн төрөлхтөн сансарт ниссэний 60 жил, Монгол хүн сансарт ниссэний болон Монгол-Зөвлөлтийн сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ойд зориулсан “Хүн- Эх дэлхий-Сансрын уудам” сэдэвт Орос-Монголын хамтарсан үзэсгэлэнгийн нээлтээ хийсэн.

Зөвлөлт Холбоот Улс “Спутник-1” анхны хиймэл дагуулыг 1957 оны 10 дугаар сарын 04-нд амжилттай хөөргөж, улмаар 1961 оны 04 дүгээр сарын 12-нд сансрын нисэгч Ю.А.Гагарин “Восток-1” хөлгөөр сансар огторгуйд 108 минут буюу 1 цаг 50 минут орчим нисэн дэлхийг бүтэн тойрсон нь дэлхийн олон улс үндэстэнд сансар огторгуй, од эрхсийг судалж ашиглах гарцыг нээжээ. Үүнээс хойш дэлхийн улс орнууд сансар огторгуйг судлах, энэ талаарх олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл явц идэвхтэй өрнөсөн.

Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн орон болсноор, НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар баталсан хэд хэдэн конвенцод нэгдсэн. Тухайлбал, 1967 оны “Сансрын огторгуй, түүнчлэн сар болон тэнгэрийн бусад эрхсийг шинжлэх, ашиглах талаар улс гүрний явуулах үйл ажиллагааны зарчмын тухай”, 1968 оны “Сансрын нисэгчдийг аврах, мөн нисэгчдийг эгүүлэн өгөх, сансрын огторгуйд хөөргөсөн биет юмыг эгүүлэн өгөх тухай хэлэлцээр”, 1972 оны “Сансрын биетээс хохирол учруулсны олон улсын хариуцлагын тухай конвенц”, 1975 оны “Сансрын огторгуйд хөөргөсөн биетүүдийг бүртгэх тухай конвенц”-ууд юм.

ЗХУ 1965 оноос эхлэн найрамдалт харилцаатай улс орнуудын сансрын нисэгчдийг хамтарсан нислэгт хамруулан, судалгаа шинжилгээний ажил хийх зорилготой олон улсын "Интеркосмос" хөтөлбөр боловсруулсан. Уг хөтөлбөрийн хүрээнд ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Александрович Жанибеков, БНМАУ, ЗХУ-ын баатар, БНМАУ-ын сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаанарын бүрэлдэхүүнтэй ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан баг “Союз-39” хөлгөөр Улаанбаатарын цагаар 1981 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 42 минутад хөөрч, 1981 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 19 цаг 42 минутад эх дэлхийдээ амжилттай буусан. 

Ингэснээр БНМАУ сансарт хүнээ нисгэсэн дэлхийн 10 дахь улс, сансрын нисэгч Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Ази тивийн 2 дахь, дэлхийн 101 дэх хүн болсон.

Сансрын нисэгч Ж.Гүррагчаа ОХУ-ын төрийн шагнал "Александр Невск"-ийн одонгоор шагнагдсан анхны монгол иргэн боллоо. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 15-ны өдөр дээрх шагналыг олгох зарлиг гаргасан билээ. “Монгол, Оросын найрамдлын нийгэмлэг”-ийн тэргүүн, Сансрын нисэгч Ж.Гүррагчааг тус одонгоор шагнасныг ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров энэ сарын 1-нд Москва хотноо гардуулан өгсөн юм. Ерөнхийлөгчийн зарлигт, "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Монгол Улсын иргэн, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг Александр Невскийн одонгоор шагнасугай" гэжээ. Одон гардуулах үеэр, ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Ерөнхийлөгч В.Путины даалгавраар Монголын ард түмний агуу хүү, Оросын ард түмний анд нөхөр Ж.Гүррагчаад энэхүү одонг гардуулан өгч байгаадаа их баяртай байгаагаа илэрхийллээ.

2021 оны 3-р сарын 22 өдөр Монгол хүн сансарт ниссэн өдрийг тохиолдуулан Оросын холбооны улсын шинжлэх ухаан соёлын төв, Монгол улсын Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэн болон бусад 10 гаран байгууллагатай хамтран “Хүн-эх дэлхий сансрын уудам” сэдэвт үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Оросын холбооны улсын шинжлэх ухаан соёлын төвөөс үзэсгэлэнд идэвхи зүтгэл гаргаж ажилласан хүмүүст талархаж тус хүрээлэнгийн ЭША Ч.Амаржаргал, Б.Гантуяа, зураглаач М.Анхбаяр, инженер Ц.Буяндүүрэн, Ч.Батмөнх нарт Оросын холбооны улсын гадаад харилцааны хүндэт жуух бичигээр шагнасан юм.

Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн хүндэтгэлийн хурал боллоо.


Ардын Засгийн газраас Судар бичгийн хүрээлэнг байгуулах нугалбар бичгийг 1921 оны 11 дүгээр сард Богд хаанд өргөн мэдүүлж, хүрээлэнгийн захирлаар Онхуд овогт С.Жамьян гүнг томилон ажиллуулснаар манай улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллагын суурь тавигджээ.

Өнгөрсөн 100 жилд Монгол хүн сансарт нисэж, персонал компьютер угсарч үйлдвэрлэн, экспортод гаргаж, их энергийн физикийн туршилтын үр дүнг боловсруулахад онолын шинэ үр дүнг бий болгож, Монгол нутагт 800 мянган жилийн өмнө эртний хүн амьдарч эхэлснийг, монгол угсаатан хүрэл зэвсгийн хожуу үед бүрэлдсэнийг тогтоож, 2500 жилийн настай археологийн олдвор, манай орны биологийн олон янз байдал, экосистем, биологийн нөөц зэрэг чиглэлээр судалгаа хийж, ард түмний амьдрал ахуй, улс орны хөгжлийг хурдасгасан үр дүнг гаргасан юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүндэтгэлийн хурлыг нээж хэлсэн үгэндээ “Цаашид уламжлал, шинэчлэлийг хослуулан, эрдэм шинжилгээ, судалгааны менежментийг боловсронгуй болгож, нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж буй үр өгөөжийг шалгуур болгон санхүүжүүлдэг өрсөлдөөнт тогтолцоонд шилжүүлнэ. Ингэснээр салбарын хөгжлийг дэмжих, шинжлэх ухаан, технологи, инновацын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чиглэлээр шинжлэх ухааны нэгдсэн цогцолбор, технологи, инновацын кластер, шинжлэх ухааны парк, салбар дундын лаборатори байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгон, судалгааны орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий эрдэмтэн судлаачдын ажиллах таатай нөхцөл бүрдүүлнэ” гэдгийг онцоллоо.

УИХ-ын дарга Г.Занданшатар шинжлэх ухааны түүхт ойн баярын үг хэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар илгээлт ирүүлжээ. Энэ үеэр “Монгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсал”, “Бүтээлч санаачилга ба төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа” зэрэг олон илтгэлийг хэлэлцэв.