Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно
Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ой “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал болно

Та бүхэнд Монголын иргэн, Ж. Гүррагчаа , Зөвлөлтийн иргэн В.А. Джанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт нисч Монгол хэмээх нэрийг сансарын уудамд дархалсан түүхт үйл явдалын 40 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.
Сансрын уудмыг энхийн зорилгоор судлан шинжлэх “Интеркосмос” олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөрт манай улс нэгдэн орсноор Монголын ШУА-ийн санаачилан хэрэгжүүлэх гол ажлын нэг нь сансар судлал болсон билээ. Манай ШУА-ийн анхны ерөнхийлөгч, академич Б.Ширэндэв гуай анхнаас нь тус хөтөлбөрийн Монголын талын удирдагчаар буюу Интеркосмос үндэсний зөвлөлийн даргаар ажилласан юм.
Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манай Академийн Физик техник, Хими, хими технологи, Геологи, Газар зүй, Ботаник, Математик зэрэг олон хүрээлэнгийн 50 гаруй эрдэмтэн судлаач оролцсон байдаг.
Манай эрдэмтэд энэ хамтын ажиллагааны эрдэм шинжилгээний хөтөлбөрийг боловсруулахаас эхлэн түүний өргөн хүрээтэй хамтын туршилт сорилын ажилд идэвхтэй оролцсон бөгөөд сансрын хамтарсан нислэгээр 1) физик- техник, 2) технологи 3) эмнэлэг-биологи, 4) байгалийн нөөц баялаг судлах гэсэн чиглэлээр судалгаа шинжилгээ, туршилтыг ажилттай хийж гүйцэтгэсэн билээ. Тухайлбал, байгалийн нөөц баялаг судлах “Биосфер-мон” туршилт гэхэд л Монгол орны геологи, газарзүй, газар хөдлөл, ус хөрс, ургамал, мөнх цас, мөсөн голын тогтоц, бүтэц хэв шинж, хил зааг, нөөц зэргийг нарийвчлан тодотгох, газрын доорхи ус, нефть байж болохуйц шинж тэмдэг бүхий нутаг дэвсгэрийг илрүүлэх зорилго бүхий 14 даалгавраас бүрдэж байлаа. “Эрдэм”, “Спектр-мон”, үүнд нь: солонго, констракт, цаг уур, горизонт зэрэг даалгавар орж байлаа. Тухайлбал, “Чацаргана” туршилтын зорилго нь сансрын нислэгийн үед хүний бодисын солилцоонд чацарганы бэлдмэл хэрхэн нөлөөлдгийг судлах явдал байлаа. Сансрын нисэгчдийн хоолны найрлага орцод (рационд) чацарганы тос оруулсан шинэ бүтээгэхүүнийг боловсруулж гаргах талаар хамтарсан туршилт явуулсан. Ингэж гаргаж авсан шинэ бүтээгдэхүүнийг туршиж үзэхэд биологийн өндөр идэвхтэй, сайн хадгалагддаг, амтлаг сайн чанартай болохыг харуулсан байна.
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 160 дугаар тогтоолоор Зөвлөлт-Монголын хамтарсан сансрын нислэг, Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх Засгийн газрын ажлын хэсэг байгуулагдаж тусгай төлөвлөгөө батлагдсан болно. Тус ажлын төлөвлөгөөний хүрээнд ОХУ-ын Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв, Монгол Улсын Шинжлэх ухааны Академи хамтран “Cансар судлал ба сансрын технологи” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Зөвлөлт-Монголын хамтарсан нислэгийн судалгаа шинжилгээ, орчлон ертөнцийн үүсэл хөгжил, зайнаас тандан судлал ба геоинформатик, сансрын технологийн хэрэглээ, пуужин болон хиймэл дагуулын судалгаа хөгжүүлэлт түүний чиг хандлага зэрэг түүхэн үйл явдалтай холбоотой асуудлаар эрдэмтэн, судлаачид, бодлого боловсруулагч, хэрэглэгч сонирхогч, хүүхэд залуучуудад мэдлэг мэдээлэл түгээх зорилгоор зохион байгуулж байна.

ХУРЛЫН ХӨТӨЛБӨРТЭЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ.


Бусад мэдээлэл