ШУА – ИЙН ОДОН ОРОН, ГЕОФИЗИКИЙН ХҮРЭЭЛЭН
Захирал, академич С.Дэмбэрэл
Монгол Улсын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй үе үеийн эрдэмтэн мэргэд, эрдэм шинжилгээний ажилтан, ажиллагсад та бүхэнд шинжлэх ухааны ажилтны өдрийн баярын мэнд дэвшүүлж, хүрээлэнгийнхээ нийт эрдэмтэн судлаачдын нэрийн өмнөөс болон хувиасаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
2020 он нь манай Хүрээлэнгийн хувьд онцлогтой, содон үйл явдлуудаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин он болж байна. Онцгой байдлын газартай хамтран Улаанбаатар хот орчмын Газар хөдлөлтийн амжиж анхааруулах системийг туршилт явуулж системийн хэвийн ажиллагаа болон амжиж мэдээллэх хугацааг нарийвчлан тогтоолоо. Геофизикийн мониторингийн системийн Хэвийн ажиллагааг хянах төхөөрөмжийг манай судлаачид зохион бүтээж станцууд дээр суурилуулан туршилтын горимоор ажиллуулж эхлээд байна.
Хүрээлэнгийн гадаад хамтын ажиллагаа улам өргөжин тэлж Франц улсын Цөмийн Энергийн Комиссириатын харьяа Хүрээлэн буй Орчны Хяналт Шинжилгээний Департамент, ХБНГУ-ын Подстамын Геосудалгааны Төв, АНУ-ын Нисэх Хүчний Техник Хэрэглээний Төв, Франц Улсын Ницца хотын Азур геосудалгааны Төв, Страсбургийн Их сургууль, Япон Улсын Токиогийн Их Сургууль, БНХАУ-ын Газар хөдлөлийн захиргааны Геофизикийн хүрээлэн, БНСУ-ын Одон орон, сансар судлалын хүрээлэн болон бусад орны эрдэмтэдтэй харилцан ашигтай, үр бүтээлтэй хамтран ажиллаж байна.
Солонгос, Франц, Швецари, АНУ-ын эрдэмтэдтэй хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд энэ жилийн хээрийн судалгааны ажлыг манай судлаачид бие даан амжилттай гүйцэтгэж судалгааны ажлын явц, үр дүнг онлайн хэлбэрээр хэлэлцэж, дараа оны ажлуудыг төлөвлөн тогтлоо. 2020 онд Швейцарын Цюрихын технологийн хүрээлэн болон Германий Мюнестрийн их сургууль, БНСУ-ын Геосудалгаа, эрдэс баялгийн хүрээлэн, АНУ-ын Лехай их сургуультай хамтарсан төслүүдийг шинээр эхлүүлэн ажиллаж байна.
Өнөөдөр тус хүрээлэн нь нийт 200 ажилтан албан хаагчидтай, түүнээс 142 нь эрдэм шинжилгээний ажилтан, 12 аймагт өөрийн салбаруудтай, Одон орон судлах оргил, 3 соронзон оргил, Хүчтэй газар хөдлөлтийг Амжиж Анхааруулах Системийн 12 станцын сүлжээ, Улаанбаатар хотоос 55 км зайд Сонгинохайрхан уул орчим байрлах Цөмийн тэсэлгээг бүрэн хориглох гэрээний байгууллага (CTBTO)-ын сүлжээ станцууд, Улаанбаатар хот орчмын газар хөдлөлтийн идэвхтэй хагарлын орчим хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан таамаглах судалгааны геофизикийн ажиглалтын 61 станц, орон нутагт газар хөдлөлтийг бүртгэх 68 станц бүхий 6 бичил сүлжээтэй, МУ-д одон орон, сансар судлал, геофизикийн чиглэлээр онолын суурь судалгаа явуулдаг шинжлэх ухааны томоохон хүрээлэнгүүдийн нэг болсон байна.
Манай хамт олон одон орон, сансар судлал, геофизик, газар хөдлөл судлалын чиглэлээр онолын судалгааны ажлыг орчин үеийн багаж, техник технологийн ашиглан олон улсын түвшинд гүйцэтгэж дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгт өөрийн хувь нэмрээ оруулахын төлөө, Монголын нийгэмд шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуус, ард иргэдийнхээ дунд шинжлэх ухааны шинэ мэдлэг мэдээллийг таниулан сурталчилах, судалгаа шинжилгээний ажлын үр дүнгүүдээ үйлдвэрлэл практикт нэвтрүүлэн улс эх орныхоо нийгэм эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулахын төлөө хичээн ажиллаж байна.
Эрдэмтэн судлаачдын маань эрдэм номын ариун цагаан үйлс арвижин бадраг!
ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал,
Шинжлэх ухааны доктор, профессор С.Дэмбэрэл