Наран дээрх гялбаан тэсрэлт
Наран дээрх гялбаан тэсрэлт

2022 оны 5-р сарын 10-нд Наран дээр Улаанбаатарын цагаар 21 цаг 55 минутанд Х1.5 баллын хүчтэй тэсрэлт болсон. Тэсрэлтийн үргэлжлэсэн хугацаа нь 9 минут. Тэсрэлтийн хүчийг рентген цацрагийн хэмжээгээр нь сул(C), дунд(M), хүчтэй(X) гэж ангилдаг. Нарны агаар мандалд болох энэхүү гэнэтийн хүчит байнгын бус үзэгдлийг Наран дээрх гялбаан тэсрэлт гэнэ. Энэ нь Нарны идэвхжлийн хамгийн хүчтэй илрэл бөгөөд тэсрэлтийн энерги нь 1032 эрг хүрнэ. Өөрөөр хэлбэл Дэлхий дээрх бүх нефть, нүүрсийг шатаахад гарах дулаанаас ойролцоогоор 100 дахин их юм. Харин дунд зэргийн тэсрэлтээс ялгарах энерги нь хүн төрөлхтөний хэдэн сая жил хэрэглэх энергийг хангана гэсэн тооцоо байдаг. Өнгөрсөн 4-р сарын 17,20,30 -нд Х1.1 ба Х2.2 балын хүчтэй тэсрэлтүүд хэд хэд болж байсан.



Наран дээрх хүчтэй гялбаан тэсрэлт болсон 13006 мужийн зураг.     

                                                                                                                                                                                           Эх сурвалж: https://solarmonitor.org/

Нарны агаар мандал нь хэд хэдэн үе давхаргатай. Бидний нүдэнд харагдаж байдаг давхаргыг гэрэлт мандал гэх бөгөөд түүн дээр толбо, бижирмэг, бамбар зэрэг үзэгдлүүд үүсэж, мөхөж байдаг. Энэ давхаргын дээр өнгөт мандал, титэм орших бөгөөд тэсрэлт, дөл, титмийн масс шидэгдэл, гэрэлт сор, титмийн нүх зэрэг хамгийн идэвхтэй үзэгдлүүд ажиглагдана. Нарны тэсрэлтээс шидэгдэх масс, титмийн нүхнээс гарах нарны салхи зэрэг эгэл бөөмсийн урсгал нь сансрын цаг агаарыг тодорхойлж байдаг. Нарны тэсрэлт, титмийн масс шидэгдэлтээс үүссэн хүчтэй соронзон шуурганы улмаас хамгийн сүүлд 1989 оны 3-р сарын 13-нд Канадын Квебек мужийн цахилгаан хангамжийн системийг гэмтээснээс эрчим хүч тасалдаж бүрэн зогсолт хийсэн байна. Мөн Японы холбооны хиймэл дагуулын удирдлагын систем нь хэсэгчилэн гэмтсэн бас Америкийн сансрын хиймэл дагуул тойрог замаасаа 5 км-ээр хазайсан зэрэг сөрөг үр дагаварууд гарч байсан юм.

Нарны идэвхтэй үзэгдлүүдийн судалгааны явцад хамгийн хүчтэй тэсрэлт нь 2003 оны 11-р сарын 4-нд болсон. Энэ тэсрэлтийн хүчийг шууд хэмжих боломжгүй байсан бөгөөд тойрог замын дурангуудын мэдрэгчүүд эрчмийг нь тэсвэрлэж чадахгүй бүтэн 11 минутын турш хяналтаас гарсан. Хожим нь шууд бус өгөгдлөөр түүнийг Х28 баллын тэсрэлт гэж ангилсан боловч олон эрдэмтэд Х40 ангилалын тэсрэлт аль эсвэл үүнээс ч илүү хүчтэй байж болох тухай мэдэгдсэн байдаг. Хэрвээ энэхүү тэсрэлт Дэлхий рүү чиглэсэн байсан бол асар их хор нөлөө учруулах нь маргаангүй.


Бусад мэдээлэл